Аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-14 21:29:28
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний 4 сард аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт буурсан дүнтэй байгааг аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.
Аймгийн аж үйлдвэрийн газрууд энэ оны эхний 4 сард 1368,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3439,7 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үйлдвэрлэлт 39,7, борлуулалт 5,9 хувиар буурсан байна.
Энэ нь нүүрс, хивэг үйлдвэрлэлт их хэмжээгээр буурсантай холбоотой байна. Ялангуяа нүүрс олборлолт, борлуулалт бараг 80 шахам хувиар буурсан нь аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт унахад нөлөөлжээ.
-Сайхан суманд байдаг “Илчит металл” ХХК-ий нүүрсний олборлолт буурснаас аймгийн төвийн дулааны эрчим хүчийг хангахаар Шарын гол болон Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас хүртэл нүүрс авч хүйтний улирлыг давсан. Аймагт байдаг нүүрсний уурхайг ажиллуулж, олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна гэж “Булган мээж” ХХК-ий захирал Д.Очирбат ярьлаа.
М.Батжаргал
相关新闻