Мал аж ахуйн талаар баримтлах бодлого баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-14 21:27:50
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаан мал аж ахуйн талаар баримтлах бодлогоо баталж, энэ бодлогыг хэрэгжүүлэхэд жил бүр аймгийн нийт төсвийн 1,0 хувиас доошгүй хөрөнгийг зарцуулахаар шийдвэрлэлээ.
Тус аймгийн хувьд эдийн засгийн үндсэн салбар нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 61,5 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуй юм. Түүнээс мал аж ахуйн салбар зохих хувийг эзэлдэг. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3,485 мянган мал тоолуусан бөгөөд зөвхөн сүүлийн 4 жилд 600 мянган толгойгоор мал нь өсч, тус салбараас жилдээ 293,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.
Тус аймагт бэлчээрийн мал аж ахуй зохилох байр суурийг эзэлдэг хандлага нь цаашид хэвээр хадгалагдах учир монгол малын удмын санг хамгаалж, байгалийн эрсдэл даах чадавхийг дээшлүүлэн, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн онцлогт тохируулан уламжлалт арга туршлага, дэвшилтэт технолгийг хослуулан үр ашигтай менементээр мал аж ахуйн салбарыг хөтлөн удирдах шаардлагын улмаас энэ бодлогыг баталсан байна.
Мал аж ахуйг эрчимжүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, мал аж ахуйн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх, малчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бэлчээрийн даац, малын тэжээл, усан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэхээр мал аж ахуйн бодлогод тусгажээ.
Мал аж ахуйн салбараас хүн амыг эрүүл хүнсээр, үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, гадаад орнуудад мал, мах экспортлох боломж бүрдүүлэхийг зорьж байгаа дээрх бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлэх юм.
Мал аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр орон нутгийн төсвийн 1,0 хувийг зарцуулахдаа  малчдын дунд сургалт сурталчилгаа явуулах, бүлэг нөхөрлөл, хоршооны гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, үржлийн шилмэл мал авах, мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид баталлаа.
М.Батжаргал
相关新闻