Аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-13 13:04:14
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн ИТХ-ын хуралдаан Булган суманд болж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 87,8 хувь нь оролцлоо.
Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн IV хуралдаанаар мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлого, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар баримтлах дунд хугацааны бодлогын хэрэгжилтийн явцын тухай, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны төсөв тодотгон батлах тухай асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудлуудаар тогтоол гаргалаа.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, бод малын монголын анхны үүлдэр болох махны чиглэлийн “Сэлэнгэ” үхэр, нарийн ноост “Хангай” хонины генефондыг хамгаалах, сүргийн тоо толгой, бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд байлгах, газар зохион байгуулалтын бодлогыг аймгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах зэрэг асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчид хөндөн санал бодлоо илэрхийллээ.
М.Бадам, М.Нямжаргал нарын төлөөлөгчид баруун аймгаас ирж байгаа малын их нүүдлийг хориглох эрх зүйн боломж, шийдлийг гаргаж өгч, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэх, бэлчээрийн даац, орон нутагт өсгөн үржүүлж байгаа цөм сүрийн генефондыг хамгаалах саналыг онцлон гаргаж байлаа.
М.Батжаргал
相关新闻