Сургуулийн орчинд эргүүл гарснаар гэмт хэргийн зөрчил 35.3 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-05-10 16:51:33

Улаанбаатар/МОНЦАМЭ/ Нийслэлийн 160 гаруй сургуулиас эцэг эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн нэгдсэн тайланг “School police” эцэг эхийн эргүүлийн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр танилцууллаа.

Нээлттэй хаалганы өдрөөр сургуулийн орчинд  үүргээ гүйцэтгэх явцдаа  хүүхдийн амь насыг учирч болзошгүй аюулаас хэрхэн  аварсан тухай мэдээллийг өгсөн бөгөөд хулгай дээрэм, үе тэнгийнхний дарамт хүчирхийлэл, цахим гадуурхлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход  оруулсан хувь нэмэр сайн туршлагаа эцэг эхийн төлөөлөл  600 гаруй иргэдтэй хуваалцжээ.

Тус өдөрлөгөөр 2016 - 2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police - эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг  танилцуулснаас гадна  эргүүлийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн эцэг эхчүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт шагналаар шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд  давхардсан тоогоор өдөрт 1400, сард 33.600 эцэг эхчүүд эргүүлд гардаг байна. 2017 оны эхний улирлын байдлаар өмнөх онтой харьцуулбал сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 35.3 хувиар буурсан байна.

Б.Заяа 

相关新闻