Цагдаагийн алба хаагчдын уриалга сайн үйлсийг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-09 21:48:17
Дундговь/МОНЦАМЭ/ Сайнцагаан сумын ахмад настан Ц.Нямсүрэн Айраг хорооллын 9 дүгээр гудамжны 31 тоотод аж төрдөг. Эндээ нүүж ирээд хорь шахам жил болж байгаа ч хашаа барьж чадалгүй өдий хүрчээ.Харин саяхан түүнийг хөдөө яваад ирэхэд нь олон жил барих гээд чадахгүй байсан хашаа нь бий болсон байж. 
“Би 1976 оноос 1996 он хүртэл хот тохижилтын албанд замын цэвэрлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Энэ гудамжинд нүүж ирээд хорь шахам жил болж байна. Газраа  өмчилж авсан ч хашаа барих мөнгө санхүүгийн хувьд үнэхээр хүрэлцэхгүй, задгай орчинд жаахан тохь тух муутай амьдардаг байсан. Саяхан хөдөө явж охиныдоо хэд хоноод ирсэн чинь гэр маань хашаатай болчихсон, үнэхээр их баярласан” хэмээн сэтгэгдэл хуваалцсан юм.
Ц.Нямсүрэн гуайн амьдрах орчны ая тухыг ингэж хангаж өгсөн хамт олон бол Сайнцагаан сумын ЗДТГ, Мандалговь хотын тохижилтын алба бөгөөд яг үүн шиг байгууллагууд өөрийн харъяаны ахмад настныхаа амьдрах орчинг сайжруулсан бүтээн байгуулалтыг дор бүрнээ хийж байна.
Өнгөрсөн намар Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид гэр хороололд аж төрдөг 6 ахмад настныг сонгож, өөрсдийн хөрөнгө, хүчээр  хашааг нь тэгшилж зассан юм. Шороон будгаар өнгө жигдрүүлэн, нээж хаахад хялбарыг бодож гүйдэг хаалгатай болгож,  нэгэн ижил хээгээр “гоён”, хаягжуулснаас гадна байшингийн нь дээврийг будаж, зассан. Ингээд орхилгүй Цагдаагийн алба хаагчид өөрсдийн үүсгэл санаачлагыг үргэлжлүүлж, ахмад настны аж төрөх орчин, түүнчлэн гэр хорооллын гудамжны өнгө төрхийг сайжруулахад хувь нэмэр оруулахыг бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм. Тэдний уриалгаар Сайнцагаан сумын албан байгууллагууд энэ хавар “Ахмадууддаа туслая” аянд ийнхүү нэгдсэн ажээ.  Одоогоор 34 байгууллага өөрийн харъяаны ахмад настны хашааг засч тохижуулаад байна. Байшин барьж өгч байгаа байгууллага ч байгаа ажээ.
 
Т. Отгонтуяа
相关新闻