Унадаг дугуйны зогсоол байгуулсан нь хүүхдүүдийн хэрэгцээнд нийцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-09 19:29:02
Дундговь/МОНЦАМЭ/ Сургуулийнхаа гадна унадаг дугуйгаа байршуулж орхиод хичээлдээ ордог таатай нөхцөл Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн сурагчдад бүрджээ.
Тус сургууль Мандалговь хотын баруун урд захад, аймгийн төвөөс зайдуухан газарт оршдог. Ашиглалтад ороод 3 жил болж байгаа шинэ сургууль бөгөөд зайдуу байршилтай тул зарим сурагч урин дулааны цагт унадаг дугуйгаар сургуульдаа явдаг байна. Харин дугуйгаа байршуулж тавих газар байхгүйгээс сургууль дотроо оруулах аль эсвэл гэрлийн шонгоос уяж орхидог байсныг анзаарч,  сургуулийн захиргаа, аж ахуйн албаны хамт олон унадаг дугуйны зогсоолыг санаачлан хийжээ.
Үүнд сургуулиас ямар нэг хөрөнгө санхүү зарцуулаагүй. Ашиглагдаагүй байсан трубаг гагнаад, өөрсдийн хүчээр хийсэн. Ажилчдын санаачлагын үр дүнд бий болсон бүтээлч ажил гэдгийг сургуулийн захирал М. Энхбаяр хэллээ.
Тус сургууль руу чиглэсэн явган хүний замыг өнгөрсөн намар орон нутгийн хөрөнгөөр тавьж, мөн замын гэрэлтүүлгийг Сайнцагаан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн. Сургууль руу чиглэсэн зам дэд бүтэц ингэж сайжирсан нь хүүхдүүдийн хувьд унадаг дугуйгаар зорчиход ч илүү таатай нөхцөл болсон талаар тэд хэлсэн юм. Харин одоо сургуулийн нь үүдэнд зориулалтын зогсоолтой болсноор унадаг дугуйндаа санаа зовохгүйгээр хичээлээ хийдэг болсон гэлээ.
“Мандал” сургууль ингэж үүдэндээ унадаг дугуйны зогсоол байгуулснаар аймагтаа анхдагч болж байна.
 
Т. Отгонтуяа  
相关新闻