"Хавдаргүй Булган" хөтөлбөрийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-08 10:15:29
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Хавдаргүй Булган” хөтөлбөр 2017-2019 онд “Булган нэг үе” ТББ-ын санал санаачлагаар хэрэгжих юм.
-Булган аймгийн уугуул Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүс “Булган нэг үе” ТББ байгуулж үйл ажиллагаа явуулж байна. “Хавдаргүй Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд элэг, ходоод, умайн хүзүүний эрт илрүүлэгийн үзлэг зохион байгуулна. Энэ онд элэгний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг хийж, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоно. Энэ удаагийн эмч нарын баг 14 хоног бүх суманд ажиллана гэж “Хавдаргүй Булган” хөтөлбөрийн төслийн удирдагч, ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн тасгийн эмч, доктор Б.Эрдэнэбулган ярьлаа.
“Хавдаргүй Булган” хөтөлбөрийн нээлтэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, "Булган нэг үе" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон аймгийн удирдлагууд оролцлоо.
Нээлтэд оролцсон Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар элэгний хавдрын эрт илрүүлэг В, С вирусын оношилгоо, эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгөхөөр орон нутагт ажиллаж байна.
М.Батжаргал
相关新闻