270 орчим га газрыг хог хаягдлаас цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-06 18:11:12
Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр Мандалговь хотын албан байгууллагууд хамт олноороо хог хаягдлын их цэвэрлэгээнд гарч, 270 орчим га газарт тархсан хог хаягдал, гялгар уутыг түүж цэвэрлэв.
Аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгээс тарж бутарсан гялгар уут салхиар хийсч, дэрс, бут бүрийн толгойд ороолдон, малын бэлчээр бохирдуулан хөглөрсөөр байсан юм. Хамгийн багадаа 5- 6 км т тархаад байсан энэ их хог хаягдлыг  нийтийн хүчээр түүж, цэвэрлэх ажлыг Хот тохижилтын алба өнөөдрөөс ийнхүү эхлүүлсэн байна.
 Нийт 67 байгууллагын 1100 гаруй алба хаагч цэвэрлэгээ хийсэн гэж Хот тохижилтын албаны дарга Д. Мөнхцоож хэллээ. Хотын гаднах их цэвэрлэгээ ингээд дуусаагүй. Энэ сарын 20- ны бямба гаригт дахин хийнэ гэлээ.
Энэ сар бол хоггүй хотын төлөөх аяны сар. Тиймээс ирэх долоо хоногоос эхлэн багийн иргэд тус тусын оршин суугаа орчныхоо, аж ахуйн нэгж байгууллагууд байгууллагын орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэж, иргэн бүр хоггүй хотын төлөөх нийтийн ажилд гар бие оролцох ёстой ажээ. 
 
 
Т. Отгонтуяа 
 
相关新闻