Газрын маргааны “гал түр унтрав”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-31 14:51:12

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга энэ оны эхэнд сумын төвөөс 10 орчим км зайтай Бичигт хад гэдэг газар хот хоорондын зам дагуу үйлчилгээ эрхлэх зориулалтаар газар олгосон нь зарим иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Тус сумын төвд хот хоорондын зам дайран өнгөрдөг хэсэгт 20 орчим дэлгүүр, гуанз үйлчилгээ үзүүлдэг аж.

Тус сумын иргэн н.Ичинхорлоо, Бид замын үйлчилгээний газар бизнес эрхэлж амьдралаа авч яваа. Гэтэл сумын төвийн ойролцоо 3 га газар олгож “Урьхан” шиг том зоогийн газар бариулж биднийг дампууруулах гэж байна. Энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэж УИХ-ын гишүүнээс хүслээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Би УИХ-ын гишүүн болохдоо ямагт та нарын талд байна гэж хэлсэн. Энэ шийдвэрийг цуцлуулах болно гэж мэдэгдэв.

Тус суманд үйлчилгээ эрхлэхээр газар авсан иргэн н.Отгонбаатар, Зам тээвэр, аялал жуулчлалын Яамны бодлогын дагуу замын үйлчилгээний төвийг өөрийнхөө хөрөнгөөр барихаар болсон. Тусгай стандартын дагуу зураг төслөө гаргасан. Жуулчин, зорчигчдод үйлчлэх боловсон бие засах газартай, эмийн сан, зочид буудал, жолооч нарын амрах өрөө, тээврийн түргэн тусламжийн хэсэг зэрэг байх юм. Тэр “Урьхан” шиг том үйлчилгээ байхгүй. Бүгдээрээ уулзаж ярилцмаар байна. Том менежмент орж ирвэл би ч гэсэн үйлчилгээ эрхэлж чадахгүй. Газрын зөвшөөрлийг цуцлуулмааргүй байна гэлээ.

 Аймгийн цагдаагийн газрын Рашаант сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхжаргал, Замын үйлчилгээ төв байгуулахаар Бичигт хад гэдэг газар олгосныг цуцалж байгааг эргэж хармаар байна. Рашаант сумын замд осол аваар гардаг. Саяхан циркийнхэн осолдлоо. Зам даваа хаагдаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьдог. Гэтэл зочид буудал байхгүй. Эвдэрч, хэмхэрсэн машиныг авчрах унаа байхгүй. Улаанбаатараас унаа дуудах жишээтэй. Энэ зовлонг эмнэлэг, манайх хоёр л мэдэрдэг гэж хэллээ.

Тус суманд ажилласан газрын тухай хуулийг хэрэгжилтийг шалгасан ажлын хэсэг “сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, “Евро-Ази бридж” ХХК-д олгосон газар эзэмшүүлэх гэрээг цуцлан, эрхийн гэрчилгээг хураан авах” дүгнэлт гаргасан байна.

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга, ЗТАЖ-ын сайдтай байгуулсан гэрээ, аймаг, сумын Засаг дарга нарын 2017 онд хамтран ажиллах гэрээнд замын үйлчилгээний төв байгуулахад газар олгох заалт тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм. Цаашдаа хот хоорондын замын дагуу стандарт хангасан үйлчилгээний газар байхыг аяндаа амьдрал шаардана. Шийдвэрээ цуцлах боллоо гэж харамсаж суулаа.

М.Батжаргал

相关新闻