Ойгоос мод огтлох эрх шинээр олгохгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Ойн нөөцөөс бэлтгэх модны үндсэн болон арчилгаа цэвэрлэгээний огтлолтын хэмжээ багасаж байгаа учраас энэ жил шинээр нэмж ойгоос мод бэлтгэх эрх олгохгүй байхаар “Ашиглагч нь хамгаалагч байя“ сэдэвт ойн байгууллагын ажилчдын зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжид тусгалаа.
Булган аймаг энэ жил 151238 шоометр мод бэлтгэхээр төлөвлөжээ. Харин үйлдвэрлэлийн огтлолтоор бэлтгэсэн 100 шоометр мод тутамд 2 га, арчилгаа цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэсэн 100 шоометр мод тутамд 1,5 га-ийн ойжуулалтын ажлыг хийх бодлого барьж, нийтдээ 307 га талбайд ойжуулалтын ажлыг хийхээр үйлдвэрлэлийн мод огтлолт хийх мэргэжлийн байгууллага, арчилгаа цэвэрлэгээний эрх бүхий аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдтэй тохиролцсон байна. Улсын болон өөрийн хөрөнгөөр ойжуулалт, байгалийн сэргээн ургалтад туслах ажил хийгээгүй буюу дутуу хийсэн аж ахуй нэгж, байгууллагад ой ашиглах зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
Хялганат тосгонд болсон “Ашиглагч нь хамгаалагч байя“ сэдэвт ойн байгууллагын ажилчдын зөвлөлгөөнд БОАЖЯ-ны Ойн бодлого зоицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтайван, ойн нөөц бүхий 7 сумын удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн гишүүд, ойн мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.
-“Аймгаас ойн талаар баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажил” сэдвээр илтгэл тавьлаа. Илтгэлд тусгагдсан бодлого зорилт, оролчогчдоос гаргасан саналыг үндэслэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөмжийг гарган сумдад хүргүүлэн ажиллаж байна гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярьлаа.
М.Батжаргал