Дээд мэргэжилтэй залуус МСҮТ-д сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-28 20:11:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дээд мэргэжилтэй залуус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байна. Саяхан Чойбалсан хотод болсон Зүүн бүсийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, удирдах ажилтнуудын бага хурлын үеэр дээрх баримтыг олж танилцууллаа.

Тэд дипломын мэргэжлээс гадна амьдрах арга ухаанд суралцах шаардлагатай байна, ядаж л наад зах нь өөрийн амьдрах сууцныхаа  засал чимэглэлийг ч болов хийдэг болохсон гэсэн зорилготой гэдгээ хэлж байв.

Дорнод аймгийн МСҮТ-д энэ хичээлийн жилд 350 гаруй хүүхэд сурч, мужаан, өрлөгчин, засал чимэглэлч, гагнуурчин, үсчин, гоо сайханч  гэхчлэн 12 мэргэжлээр төгсөнө. Өнгөрсөн жил тус сургуулийг 75 хүүхэд төгссөний талаас илүү нь шууд ажлын байраар хангагджээ.

-Сүүлийн жилүүдэд МСҮТ-д элсэн суралцагчдын тоо тасралтгүй нэмэгдэж, таван жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн. Залуучууд их, дээд сургуульд 4 жил суралцаж төгссөний дараа ажлын байргүй, амьдрахын эрхээр өөр ажил хийх болдог. Энэ тохиолдолд тэд манай сургуулийг зорих болсон.  Бид зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд тохируулж, энэ жилээс мэргэжлийг нэмж, 20-д хүргэх зорилготой байгаа гэж тус сургуулийн захирал Н.Хүрэлбаатар ярилаа.

Дорнодын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийнхөн саяхан ашиглалтад орсон шинэхэн өргөөндөө зочдоо хүлээн авсан юм. Сургуулийн барилгын гуравны нэг хувийн ажлыг тус сургуулийн багш, сурагчид өөрсдөө гардан хийж гүйцэтгэжээ.

Зүүн бүсийн хэмжээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2200 гаруй оюутан сурч, 300 гаруй багш ажилладаг гэсэн тоо байна.

Б.Туяа

相关新闻