15 мянган өрхийг судалгаанд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд Дорнод аймгаас 15271 өрхийг хамруулна.
3 жил тутамд хийгдэж ирсэн дээрх судалгаанд энэ жил тус аймгийн нийт өрхийн 80.3 хувь нь хамрагдах юм. Судалгааг 0-18 насны хүүхэдтэй өрх, зорилтот бүлэг, өргөдлийн аргаар нэн ядуу өрхийг хамруулах, алслагдсан сум, районд амьдардаг айл өрх гэхчлэн дөрвөн хэлбэрээр явуулна. Тодруулбал, Дорнод аймагт 0-18 насны хүүхэдтэй өрх хүн амын 80-аад хувийг, харин зорилтот бүлгийн айл өрх 20 гаруй хувийг эзэлдэг. Түүнчлэн алслагдсан сум, районд зориулалтын бус орон сууцанд амьдарч байгаа гэсэн заалтад тус аймгийн төвийн СМУ-гийн барилгууд буюу “Ивээл” хороололын айл өрхүүд орно гэж ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл мэдээлэв.
Энэ сарын 31-нээс ирэх сарын 10-ныг хүртэл мэдээлэл цуглуулах ажил явагдах юм. Тооллогын туршид тус аймгийн хэмжээнд тоологч, шивэгч, жолооч, хөтөч, хяналт, ажлын хэсгийн гишүүн зэрэг 200 гаруй хүнийг ажиллуулахаар төлөвлөжээ.
Б.Туяа