Маргааш 16 цагт гамшгийг зарлан мэдээлэх дуут дохио дуугарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 4 дэхь долоо хоногийн Пүрэв гарагт гамшгийг зарлан мэдээлэх дуут дохиог дуугаргадаг. Энэ өдөр маргааш тохионо.
Дундговь аймгийн Онцгой байдлын газар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарахтай холбогдуулан иргэдэд заавар зөвлөмж өгч байна. Гамшгаас хамгаалах энэ дадлага сургуулилтад иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан алба хаагчид идэвхитэй оролцох үүрэгтэй байдаг .
Гамшгийн зарлан мэдээллийн дохио 3 удаа дуугарна. Эхний дохио нь ямар нэг гамшиг тулгарч байгааг иргэдэд сэрэмжлүүлж байгаа бөгөөд иргэд барилга байшингаас гарах гэж яаралгүй аль болох цонхноос хол, даацын ханын дагуу зогсох зэргээр арга хэмжээ авах ёстой. Хоёр дахь дохионы үед барилга байшингаас гарахад бэлдэнэ. Өөрөөр хэлбэл, чухал бичиг баримт болон өөрт хэрэгтэй зүйлсээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бэлдсэн үүргэвч цүнхний хамт авч гарахад бэлддэг байна. Дохио гурав дахь удаагаа дуугарахад барилга байгууламжаас баруун гарын дүрэм баримталж, яаралгүй тайван гарах шаардлагатай байдаг ажээ.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй. Үүнд гамшгийн үед ашиглах аюулгүй талбайг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд дуут дохиогоор энэ талбайдаа гарч зогсох ажээ
Т. Отгонтуяа