Ариун цэврийн гэрчилгээгүй мах, сүү хэрэглэж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан сургууль, цэцэрлэгт нийлүүлж байгаа мах, сүүний чанар аюулгүй байдлыг шалгахад Чойбалсан хотын 3 сургууль, нэг цэцэрлэг мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй махыг хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэж байжээ.
Мөн 6 томоохон зоогийн газрын бэлтгэсэн салаат, зууш лабораторийн шинжилгээний дүнгээр чанар, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаагүй байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас томоохон баяр ёслолыг угтаж хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол хүнсээр дамжих өвчин болон аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийдэг. Он гарснаас хойш зохион байгуулсан сарын аянаар нийт 48 нэрийн 24,0 мянган ширхэг, 3,4 сая төгрөгийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнийг хурааж, устгалын комисст шилжүүллээ гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа ярилаа. Цаашид худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд салбарын чиглэлээр нь сургалт зохион байгуулж, хууль, дүрмийг сурталчлах, зөрчил дутагдал удаа гаргасан аж ахуйн нэгжүүдэд импортын мэдэгдэл хүргэж, согтууруулах ундаа, тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгохгүй байх гэхчлэн саналыг төрийн байгууллагад уламжлав.
Б.Туяа