Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын саяхны шалгалтаар сургууль, цэцэрлэгийн ойролцоох хүнсний дэлгүүр, мухлагт худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүнээс сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ.
Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй, шошгын зөрчилтэй, гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээний дүгнэлтгүй гэдэгт Хятадад үйлдвэрлэсэн чипс, чихэр, ундаа, цэлцэгнүүр, чавга, даршилсан ногоо, тахианы мөч, зайдас зэрэг бүтээгдэхүүн багтаж байна. Эдгээрийг хилээр оруулж ирэхийг хориглосон ч үнэ хямд, гүйлгээ сайтай байдаг болохоор худалдаачид янз бүрийн аргаар оруулж ирдэг. Сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнуудад хийж буй ажлын зорилго, мэдээлэл сургалт хийж, хориглосон бүтээгдэхүүнийг мэдээллийн бүхий л хэлбэрээр сурталчлан хамтран ажиллахаар боллоо гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Д.Ганчимэг ярьсан.
Тэрээр тус аймагт хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг түргэвчилсэн аргаар газар дээр нь тодорхойлох экспресс багаж дутагдалтай байдгаас хугацаа алддаг тухай нэмж өгүүлэв.
Б.Туяа