Дорнодод ноолуурын үнэ 97 мянгад хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Энэ хавар Дорнод аймагт ноолуурын ханш 60 мянган төгрөгөөс эхэлж, өнөөдрийн байдлаар 1 кг ноолуур 97 мянгад хүрчээ. Энэ долоо хоногтоо ноолуурын ханш огцом өсөөд буурах магадлалтай гэж ХХААГ-аас мэдээлэв.
Ченжүүд хөдөөгүүр явж, дээр дурдсан үнээс арай хямдаар малчдын гар дээрээс самнасан нолуурыг нь худалдаж авч байгаа юм. Ингэхдээ ноолуурын өнгө, бохирдол багатай зэргээс шалтгаалан үнэ нь хэлбэлзэж байна.
Малчид ямаагаа самнахдаа тарга тэвээрэг сайтайгаас нь сорчилж, хаврын хавсарганд хэцүүдэж мэдэхийг нь үлдээж байгаагаа ч ярьж байна. Дашрамд дурдахад зүүн аймгуудын ноолуур эрт гардаг, тэр тусмаа нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэ ханшны хувьд өндөр байдаг. Өнгөрсөн жил ноолуур төдийлөн үнэ хүрээгүй. Оргил үедээ 60 мянга төгрөг хүрч байсан юм.
Б.Туяа