Төлчин эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг хамтран Могод сумын 468 эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулжээ. Хэвлийн эхо, зүрхний эхо, шүд, нүд, эмэгтэйчүүд, дотор зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг нэгдсэн журмаар анх удаа тус суманд зохион байгуулсан байна.
-Энэ жил аймгийн эрүүл мэндийн байгууллага өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг аймгийн хэмжээнд зохион байгуулна. Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж. Чинбүрэн болон “Булган нэг үе” клубын хооронд "Хавдаргүй Булган" хөтөлбөр хэрэгжүүлэн хавдраас урьдчилан сэргийлэх, үзлэг оношлогоо хийх цаашлаад ХСҮТ-тэй хамтран шаардлагатай эмчилгээ хийх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу ХСҮТ-тэй хамтарсан үзлэгийг ирэх 5-р сараас эхлэн аймгийн хэмжээнд хийнэ гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярьлаа.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгийг сумын 200 гаруй малчин эмэгтэйчүүд оролцсон “Төлчин эмэгтэйчүүд-эрүүл мэнд” сургалт, уулзалтын үеэр зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсож, эрүүл мэндээ хамгаалах талаар зөвлөгөө зөвлөмж өгч, витаминжуулалтанд хамруулсан байна.
Тус сум 2700 хүн амтай тэднээс 1318 нь эмэгтэйчүүд юм.
М.Батжаргал