“Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-21 13:00:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллагын албан хаагчдын дунд авилгаас урьдчилан сэргийлэх, хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний хяналтыг сайжруулах талаар шинэлэг санал дэвшүүлэх, албан хаагчдын ярих, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор “Надад хэлэх үг байна” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаад байна.

Илтгэл нь албан бичиг хэргийн стандарт хангасан, эх сурвалж, ишлэл зүүлт оруулсан, 8-10 минутын хугацаанд илтгэсэн байх зэрэг шалгуур үзүүлэлт заасан юм.

-Аймгийн хэмжээний төрийн байгууллагаас заавал нэг хүний энэ илтгэлийн уралдаанд оролцуулахаар удирдамж гаргаж хүргүүлсэн. Байгууллагууд өөрсдөө төрийн албан хаагчдаасаа сонгон шалгаруулалт хийж оролцуулна. Хагас сая төгрөгийн шагналын сантай. Манай хэлтэс хөндлөнгийн төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгаруулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа ярьлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газар байгууллагын шударга түвшний буюу Авилгатай тэмцэх газар, олон нийтийн санал асуулгаар дүгнэдэг үнэлгээ сүүлийн хоёр жилд 10 гаруй хувиар өсч 71,0 хувьд хүрээд байгаа юм.

М.Батжаргал

相关新闻