“Цэмцгэр-Булган” уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган сумын Засаг даргын Тамгын газар айл өрх, албан байгууллагуудын дунд "Цэмцгэр-Булган" уралдааныг зохион байгуулж байна.
Уг уралдаанд Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, өрх иргэд оролцох бөгөөд тохижилт, бүтээн байгуулалт хийсэн байдал, нийтийг хамарсан ажлын идэвхи, оролцоо, иргэний үүргийн биелэлт зэрэг үзүүлэлтээр шалгаруулах юм. Энэ талаар Булган сумын Засаг дарга Доржийн Наранбаяраас тодрууллаа.
-“Цэмцгэр Булган” ажлын зорилгын тухай тодруулахгүй юу?
-Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой ирэх онд болно. Энэ ойн гол бэлтгэл ажил Булган аймгийн төв Булган хотод төвлөрч хийгдэх учраас Булган сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цэмцгэр Булган” ажлыг зохион байгуулна гэж тусгасан юм. Энэ ажлын хүрээнд аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаад Булган хотын хэмжээнд “Цэмцгэр Булган” уралдааны удирдамж гаргаж, хот тохижилт, бүтээн байгуулалт, цэвэр орчин, ногоон байгуулж бий болгохоор төлөвлөсөн байгаа.
-Уралдаанын ямар хугацаатай зарлав?
-“Цэмцгэр Булган” уралдааныг энэ оны 10-р сард дүгнээд шинэ жилийн баяраар шагнал гардуулахаар төлөвлөж байна.
-Булган хотын өнгө үзэмж, тохижилт байгууллагуудаас их шалтгаалж байна. Энэ талаар анхаарч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг ямар байгууллага байна вэ?
-Булган хотод сайн жишээ олон байгаа. Тухайлбал “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК орчноо өөрсдийн хөрөнгөөр маш сайхан тохижуулсан байгаа. Эрүүл мэндийн газар, “Булган мээж” ХХК, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган салбар зэрэг газрууд орчноо үлгэр жишээ тохижуулсан. Хувийн хэвшлүүдээс Булган хотын төв буюу Магсаржав гудамжинд “Боргоцой” дэлгүүр орчноо сайн тохижуулсан зэрэг үлгэр жишээг нийтэд сурталчлах ажил зохион байгуулна.
Нөгөө талаар байгууллагуудыг орчноо үлгэр жишээ тохижуулах сэдэл төрүүлэхээр энэ удирдамжийг гаргаж байгаа юм.
-Хотын өнгөнд гэр хорооллын соёлч байдал бас нөлөөлдөг. Энэ талаар удирдамжид ямар байдлаар тусгав?
-Хэдэн жилийн өмнө айл өрхүүдийн дунд “Соёлч өрх” гэж шалгаруулж алдаршуулдаг байсан. Тэр соёлч өрхүүдийг алдаршуулна. Ер нь айл өрхийнхөө хэмжээнд орчноо тохижуулах хашаа хороогоо цэгцлэх, цэвэр байлгах, хашаандаа ногоо болоод мод тарьдаг айл өрхүүдийг дэмжиж ажиллана. Олон түмнийг тэр айлын жишээгээр даган дуурайлгах ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тохилог орчинд тавлаг амьдрах боломжийг та, бид өөрсдөө бүтээж чадна.
М.Батжаргал