“Бабуб” ХХК бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/ Дорнод нутгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Бабуб” ХХК 30 гаруй нэр төрлийн нарийн боовыг тогтмол үйлдвэрлэдэг. Жилд 300-350 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тус аймгийн хүн амын тал шахам хувийг гурилан бүтээгдэхүүнээрээ хангаж байгаа юм.
Түүнчлэн Дорнод аймгаар хязгаарлагдахгүй 2013 оноос эхлэн жилдээ 3-5 удаа БНХАУ-ын Хайлаар, Манжуур, Хянган, Улиастай, Амгаланбаатар хот, 2014 оноос “Номин холдинг” ХХК-ийн салбаруудад зөгийн балтай жигнэмгээ нийлүүлж байна.
П.Алтанцэцэг захиралтай “Бабуб” ХХК одоогоос арван зургаан жилийн өмнө найман нэрийн хүнсний дэлгүүр нэрээр шангаа татаж байжээ. 2012 онд Зүүн бүсэд анх удаа Европын нарийн боовны тоног төхөөрөмжийг оруулж ирж суурилуулснаар өдгөө эрүүл ахуйн шаардлага хангасан 400, 600, 800 гр-аар савласан гурилан бүтээгдэхүүн, хүүхдийн будаатай “Лунтик” жигнэмэг, сахар агуулаагүй эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн, бялуу, еэвэн, хэвийн боов зэргийг үйлдвэрлэн шинэхнээр нь хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Тус компанийн хамт олон өнгөрсөн онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллагаар шалгарчээ.
Б.Туяа