Төрийн дээд одон медаль гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР17 дугаар жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын босгон дээр Сүхбаатар аймгаас, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст шагналыг нь олголоо. Нийт 62 хүн төрийн дээд одон медаль хүртжээ.
Төрийн захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, Хууль эрхзүй, Хөдөө аж ахуй, Соёл урлаг болон Төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан нэр бүхий хүмүүс 02 дугаар сарын 25-ны өдөр нутгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Хөдөлдмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор гурав, Цэргийн гавъаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор 30, Хөдөлмөрийн хүндэт медалиар 25, Цэргийн гавъяаны одонгоор нэг, Цэргийн хүндэт медалиар гурван хүн гээд нийт 62 хүн төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
“Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсандаа баяртай байна. Энэ бол манай Баяндэлгэр сумын ард иргэд, надтай хамт ажиллаж байсан хамт олон, ах дүү, гэр бүл, найз нөхдийн минь дэмжлэг туслалцаа үзүүлж, намайг энэ өндөрлөгт хүргэсэн хүмүүсийн ач гавъяа юм. Тиймээс тэдгээр хүмүүстээ л хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлье..” хэмээн Т. Дамдинсүрэн ярьж байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат. 44 жил төр нийгмийн төлөө зүтгэсэн. 40 жил аймаг сумынхаа төрийн захиргааны удирдах байгууллагад, сүүлийн дөрвөн жилд нь хувийн хэвшилд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
Мөн энэ өдөр Сүхбаатар аймгийн Хүндэт тэмдэгээр 24, Аймгийн алдарт уяач цол тэмдэгээр 27, Аймгийн мэргэн цол тэмдэгээр найман хүн шагнуулсан юм.
Т. Одончимэг