Иргэдийн худалдан авах чадвар муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД10-аадхан хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар муудсаар байгааг хүнсний худалдаачид хэлж байна. Угтаа чадах ядахаараа бэлтгэл базааж байгаа ч эрэлт ихэсвэл үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль үйлчилснээр яг энэ өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 5-15 хувиар өссөн нь иргэдэд дарамт үүсгэж байгаа ажээ.
Дорнод аймгийн төвийн “Шүр” зах дээр 23 төрлийн ааруул 12-18 мянган төгрөг, шар тос 13 мянга, дундаж хэмжээтэй ууц 130-160 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Дорнодчууд нутгийнхаа үйлдвэрлэлийн хэвийг боовыг голчлон сонгодог. Хэвийн боов ширхэг нь 1800-2800 төгрөг, еэвэн хэмжээнээсээ хамаараад 12-15 мянган төгрөгийн ханштай байгаа юм.
Сүүлийн жилүүдэд сар шинийн баяраар монгол дээл малгайгаараа гоёх нь ихэссэн. Тэгвэл дээлний үнэ энэ жил харьцангуй хямд, “Шүр” зах дээр худалдаалж байгаа хос дээл 200-350 мянга, энгийн дээл 120-180 мянга, хүүхдийн дээл 70-80 мянган төгрөгийн дотор хэлбэлзэж байна.
Б.Туяа