Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааг тогтворжуулах тогтоол гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-01 19:49:17

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын танилцуулгыг сонсов.

Уг танилцуулгыг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа УИХ-аас Засгийн сангийн тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар тусгай сангийн 28 төрөл хуульчлагдсан. Нийцлийн аудитын газраас 2013-2016 онд Цэвэр агаар сан, Архидан согтуурахтай тэмцэх сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүний хөгжил сан зэрэг 15 газарт аудит хийсэн гэдгийг танилцуулгынхаа эхэнд дурьдав.

Нийцлийн аудит хийхэд сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөрөнгийг зарцуулах бодлого, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчилд 2015 онд 11.4 сая.төгрөгийн акт, 1 тэрбум 264.4 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд одоогоор 7.4 сая.төгрөгийг төлсөн байна. Харин 2016 онд хийсэн нийцлийн аудитын зөрчилд 3.3 сая.төгрөгийн акт, 7 тэрбум 373.6 сая төгрөгийн албан шаардлагыг хүргүүлсэн. Харин албан шаардлагын биелэлт ирүүлэх хугацаа болоогүй байгаа аж.

Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Засгийн газрын тусгай сангууд сангийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэггүй, дотоод хяналтгүй, сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаггүй газруудын үйл ажиллагааг цэгцлэх ёстой” гэв. Мөн Ц.Даваасүрэн, Үндэсний аудитын газар, Төсвийн байнгын хороо хамтран Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааг тогтворжуулах, сахилга батыг хангах, хариуцлага тооцохоос эхлээд асуудлыг өргөн далайцтайгаар шийдвэрлэх тогтоол гаргах хэрэгтэй гэсэн санал хэлснийг гишүүдийн олонх дэмжлээ.

Ч.Ариунболд

相关新闻