Малын хорогдол гараагүй сайн мэдээг дуулгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Чулуунхороот сумын малчид хил залгаа Дашбалбар сумын малчдад тусалсан тухай урд нь дуулгасан. Байгалийн болзошгүй аюулаас сэргийлж цаг үеэ олж сэтгэлийн дэм хайрлан, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Чулуунхороот сумын малчдадаа баярласан сэтгэлээ илэрхийлж Дашбалбар сумын Номинт багийн Засаг дарга Г.Ганцогт өнөөдөр бидэнтэй холбогдлоо.
Түүний яриагаар тус суманд цас ихтэй, хүйтний эрч чангарч байгаа хэдий ч одоогоор малын тарга хүч муугүй, хорогдол гараагүй гэнэ.
Дашбалбар сумын хувьд жилийн эцсийн тооллогоор 208,5 мянган толгой мал тоолуулжээ. Оторт 65 өрхийн 53,7 мянган мал өвөлжиж байна. Тус сумын 3 баг цагаан зудтай, цас нэмж орвол хүндрэх төлөв байдалтай байгаа юм.
“Өнгөрсөн зун, намрын долоо, наймдугаар сард гандуу байснаас ийм нөхцөл байдал үүсээд байна. Өвсний гарц муу байсан болохоор эхний цаснаар мал идэх өвсгүй болсон. Малчид нөөцөлсөн болон хандив тусламжаар ирсэн өвс тэжээлээр малаа бордож, зарим малчин өрх хэд хэдээрээ нийлж цас бага, өвсний гарц гайгүй газрыг сонгон нүүдэллэж, аль болох өвлийг гарз багатай даван туулахыг хичээж байна” гэж Номинт багийн Засаг дарга ярилаа.
Б.Туяа