Өвчилсөн малыг 85-150 мянган төгрөгөөр үнэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНЦэцэг өвчнөөр малаа алдаж байгаа иргэдийн малыг 85-150 мянган төгрөгөөр үнэлж байна. Төлөг 85 мянга, хязаалан хонь 100 мянга, эр хонь 120 мянга, сүргийн манлай хуцыг 150 мянган төгрөгөөр тус тус үнэлэхээр болжээ.
Энэ өвчний улмаас Гурванбулаг, Могод сумын нийт 2100 орчим хонийг устгалд оруулаад байна. Зарим нэгэн малчид жижиг насны хонио эр хонь, хуц хэмээн үнэ хүргэж үнэлүүлэх заль гаргаж байгаа тул аймгийн Статистикийн хэлтсээс мэргэжилтэн томилж ажилуулж байгаа ажээ. Энэхүү өвчин нь Булган аймгаас гадна нэлээд хэдэн аймагт гараад байгаа тул улсаас хэзээ нөхөн төлбөр олгогдох нь тодорхойгүй байна.
Харин малчид "Хугацаа нь удсан ч гэсэн, хоёр гурав хуваагдаж төлөгдсөн ч хамаагүй энэ хэцүү цагт нөхөн төлбөр олгогдож л байвал болно" гэж байхад зарим нь "Малаа өвчнөөр алдаад орлогын эх үүсвэргүй болж байна, нөхөн төлбөр хурдан ирвэл сайн байна" гэх малчид ч байна.
Могод суманд шинээр өвчин гаралт зогссон, харин Гурванбулаг суманд бага хэмжээгээр гарсаар байгаа бөгөөд хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр, вакцинжуулалт үргэлжилсээр байна. Сум бүрээс малын эмч, туслах хүн, сумын онцгой комиссын төлөөлөгч, ОБГ-ын ажлын хэсэг, цэргийн дүйцүүлэх албаны иргэд ажиллаж байна.
П.Батням