Цэцэг өвчнөөс сэргийлэх талаар хамтарсан сургалт, сургуулилт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл аймгийн МХГ-тай хамтран Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний Мал эмнэлэг хорио цээрийн шалган нэвтрүүлэх хяналтын хэсэгт малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт, үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Булган, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар, улсын байцаагчид, Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын Мал эмнэлэг үржлийн хэлтсийн дарга, Тариалан сумын МЭҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, ОБГ-ын Аврах, гал унтраах ангийн төлөөлөл, Хутаг -Өндөр сумын Гуртын гүүрний мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын хэсгийн эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.
Энэхүү Гуртын гүүрээр улсын баруун тийш зорчих зам буюу Хөвсгөл, Завхан аймаг, Булган аймгийн Тэшиг сум, цаашлаад ОХУ-ын хил дээр очих замууд нэгдэж нийлдэг учраас сургалтыг энд зохион байгуулжээ. Энэ үеэр малын гоц халдварт цэцэг өвчнөөр мал өвчилсөн тохиолдолд хэрхэн нядалж, яаж булж устгахыг сургуулилт хийн үзүүлжээ.
Сургалт мэдээллийн үр дүнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл малтай аймаг болохын төлөө 7 заалттай уриалга дэвшүүлж хамтран ажиллахаар боллоо.
П.Батням