Оюутан, сурагчид гэрэлтэй замаар алхдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-11 11:38:30

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн сурагчид сургуульдаа ирж, очихдоо гэрэлтэй замаар алхдаг боллоо.

Аймгийн төвийн урьд дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн шинэ сургуулийг барьж, хоёр жилийн өмнө ашиглалтад оруулсан. Шинэ сургууль ашиглалтад орохтой зэрэгцэн эцэг, эх, багш, сурагчдад тулгамдаж ирсэн нэг асуудал бол сургууль хүртэлх явган хүний зам болсон юм. Хүүхдүүд сургуульдаа ирж, очихдоо автомашины замаар алхдаг болсон нь тэдний аюулгүй байдалд эрсдэл авчирч, эцэг, эхчүүдийн санааг зовоож эхэлсэн бөгөөд эл асуудлыг шийдэхээр орон нутгийн замын сангийн хөрөнгөөр зургаа орчим км явган хүний замыг тавьж, өнгөрсөн хавар ашиглалтад оруулсан. Харин одоо Сайнцагаан сум орон нутгийн хөгжлийн сангаасаа 63 сая төгрөг зарцуулж явган хүний замыг ийнхүү гэрэлтүүлжээ. Өглөө эрт хичээлдээ явах, орой хичээлээ тараад харихдаа гэрэлтэй саруул замаар алхдаг болж байгаадаа хүүхдүүд баяртай байна.

Энэ зам зөвхөн “Мандал” сургууль бус шинээр ашиглалтад ороод байгаа МСҮТ- ийг хүрдэг тул оюутан, сурагчдын зорчдог гол зам болж байгаа юм.

Т. Отгонтуяа         

 

 

相关新闻