Ажилгүй иргэдийн 71,2 хувь нь 15-34 насны залуучууд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-14 16:52:58

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт  2016 оны 11 дүгээр сарын байдлаар 935 ажил хайгч иргэн бүртгүүлсэнээс 448 нь эмэгтэйчүүд байгаа юм.

 Ажилгүй иргэдийн дийлэнх буюу 71,2 хувь нь 15-34 насны залуучууд байна. Үүн дотроо 18,7 хувь нь дээд боловсролтой байгаа бөгөөд их дээд сургууль төгсөгчдийн хувьд аймаг орон нутагтаа хэрэгцээ шаардлагатай байгаа мэргэжлээр төгсдөггүйг  аруулж буй хэрэг юм. Сүхбаатар аймагт уул уурхай болон хүнд машин механизм, барилгын инженерүүд эрэлттэй байдаг. Энэ чиглэлээр бүтээн байгуулалтын ажил хийхэд нарийн мэргэжилтнүүд нь дандаа өөр газраас ирж ажилладаг бол нутгийн залуучууд туслах байдлаар ажиллах байдал өнөө хир нь ажиглагдсаар байгаа юм.

Бүртгэлтэй ажил хайгчдын 700 орчим нь огт ажилгүй хүмүүс байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,1 хувь буюу 91 хүнээр өсчээ. Үлдсэн хэсэг нь ажил хайгчаар бүртгүүлсэн хэдий ч түр ажлын байранд ажиллаж байна.

Нийт ажилгүй иргэдийн 53,6 хувь нь бүрэн дунд, 2,4 хувь нь тусгай дунд, 14,7 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 7,9 хувь нь суурь, 1,5 хувь нь бага 0,9 хувь нь огт боловсролгүй,  харин 0,3 хувь нь магистр, доктор зэрэгтэй хүмүүс байгааг аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.

Т. Одончимэг

 

 

相关新闻