Сүхбаатар нутгийн хүү Японы эзэн хааны цомыг 3 дахиа хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-28 11:57:05

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёд түрүүлсэн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул юм. Тэрээр энэ оны сүүлийн барилдааныг 14 даваа, 1 унаатайгаар тэргүүлэн Японы эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртжээ.

Хэдийгээр өөрөө Улаанбаатар хотод төрсөн ч аавынхаа нутгаар овоглодог. Түүний  аавыг Мангалжав, ээжийг Оюунтөгс гэдэг. Дээрээ нэг эгчтэй, айлын отгон хүү. Аав Мангалжав нь түүнийг бөх болоосой гэж нууцхан хүсдэг байсан гэдэг. Ингээд Аварга биеийн тамирын сургууль дээр сумод сонирхолтой хүүхдүүдийг шалгаруулж авч байгааг мэдээд 14 настай хүүгээ хөтлөн авч очсон байна. Эндээс л түүний бөхийн амьрал эхэлжээ. Харин одоо тэрээр Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ хэдийн өөрийн гэсэн байр суурь, нэр хүндийг олж чаджээ.

М.Ананд бол Сүхбаатарчуудын бас нэгэн бахархал нь юм. Тэрээр хамгийн анх түрүүлдэг жилээ Асгат нутагтаа ирж, ахан дүүс, найз нөхөд нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж баяраа хуваалцаад бусаж байсан удаатай.

Т. Одончимэг

 

相关新闻