Шилдэг эрдэмтдийн цуврал лекц зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-28 11:14:17

Ховд Их Сургуулийн харъяа Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн, төгсөлтийн дараах сургалтын албатай хамтран “Шилдэг эрдэмтдийн цуврал”  судалгааны аргазүйн лекц, семинар зохион байгуулж байна.

Тус цуврал лекцэнд Ховд Их Сургуулийг төгсөн Гадаадад болон Дотоодын их дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нар төдийгүй Монгол Улсын нэр хүндтэй их дээд сургуулиуд, хүрээлэнгүүдийн эрдэмтэн багш, судлаачид уригдан оролцож байгаа юм.

Эрдэмтэн багш нар судалгааны аргазүй, үр дүн, судалгааны шинэ чиг хандлага, технологийг тус сургуулийн судлаач, багш, залуу эрдэмтэн, магистрант, доторант, судалгааны ажил сонинрхдог оюутнуудад зориулан уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлж байна.

Тус сургуулийн багш  Доктор  Б.Саранцэцэг Орон зайн дүрс боловсруулалт болон оролцооны аргазүйг аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулахад ашигласан жишээгээр, Доктор Д.Отгонбаяр Мөстөл усны нөөцийн судалгааг орчин үеийн дэвшилтэд аргуудыг ашиглан Баруун Монголын гадагш урсацгүй ай савд явуулсан судалгаа, Доктор М.Алтанбагана зайнаас тандан судлал болон тоон шинжилгээний аргаар Монгол орны экологийн эмзэг байдлыг үнэлсэн дүн сэдвээр тус тус сонирхолтой лекц уншиж, харилцан санал бодлоо солилцлоо.

Тус сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол цөм нь Монгол орны баруун бүс нутгийн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн асуудлууд, боловсрол судлал бөгөөд энэ чиглэлээр дэвшин гарч ирж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажилладаг.

Бас  хоёр жил тутамд нэг удаа ОХУ-ын Томскийн Улсын их сургуультай хамтран явуулдаг “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл” сэдэвт хурал тэргүүтэй 4 төрлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, бүс, орон нутгийн хурлуудыг тогтмол зохион байгуулж, судалгааны их семинар, экспедицийг чанартай гүйцэтгэдэг. Эрдэм шинжилгээний бичиг, эмхэтгэлийн тогтсон хэвлэлттэй. Эрдэм шинжилгээний төсөл, сэдэвт ажил 70 гаруйг гүйцэтгэсэн байдаг.  

А.Бямбасүрэн          

 

相关新闻