“Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг шинэчлэн батлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-11-18 15:42:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг батлав.


Дэлхийн хүн амын 43 хувь буюу 3.5 тэрбум хүн хөдөө, орон нутагт амьдарч байгаагийн тэн хагас буюу 1.7 тэрбум нь охид, эмэгтэйчүүд ч сүүлийн үеийн илтгэл, судалгаанд Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго зэрэг жендэрийн асуудлаарх бүх нийтийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилт удаан, хангалтгүй байгааг ГХЯ мэдээллээ.


Тухайлбал, Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ойн илтгэлд хөдөөгийн эмэгтэйчүүд ядууралд ихээр өртөх, тэдэнд нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээ, түүний дотор дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бага байх, ажил эрхлэх, орлого олох боломж хязгаарлагдмал төдийгүй үнэ хөлсгүй гэрийн болон асаргааны ажлыг ихээр хийх, ахуй амьдрал нь байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт эмзэг, өртөмтгий байгааг дурджээ.


Иймд Монгол Улсын төлөөлөгчид шинэчилсэн тогтоолд эдийн засаг, санхүү, хүнс, тэжээлийн хямралтай тэмцэх, технологийн шилжилт хийх, улмаар уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилттой тулгарч буй энэ үед хөдөө, алс нутаг, арлуудад амьдарч буй охид эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралыг сайжруулах, шийдвэр гаргах түвшин дэх тэдний эрх тэгш, тодорхой хувь нэмэр бүхий оролцоог хангах бүх нөхцөлийг бүрдүүлэхийг төр, төрийн бус байгууллага, бүх талд уриалсан заалт, үг хэллэгийг тусгаж, батлуулсан байна.


Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол НҮБ-ын гишүүн улсуудын дэмжлэгийг авсан бөгөөд тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 орон хамтран зохиогчоор нэгджээ.

相关新闻