Өвөрхангай аймагт 833 хоршоо үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-04 16:27:11

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Хоршоологчид тогтвортой хөгжилд-2025” туршлага судлах уулзалт, зөвлөгөөн өнөөдөр Өвөрхангай аймагт эхэллээ.


Зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хоршоодын төлөөлөл, ХХААГ-ын хоршоо, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон ХХААХҮЯ, ЖДҮГ-ын албан хаагчид зэрэг 150 гаруй хүн оролцож байна.


Өвөрхангай аймагт 2025 оны 9 сарын байдлаар 833 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс 625 нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд байгуулагджээ. Хоршоодын 74.5 хувь нь мал аж ахуй, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, 18.1 хувь нь газар тариалан, 4.6 хувь нь худалдаа үйлчилгээ, 1.2 хувь нь үйлдвэрлэл, 0.3 хувь нь мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол 1.3 хувь нь хадгаламж, зээлд зориулсан байна.


“Шинэ хөдөө” төсөл, “Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 14 хоршоонд 70 га тариалангийн газрыг эзэмшүүлж, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалж байгаа юм.



“Хоршоологчид маань нэгдэж, цаг уурын бэрхшээлийг даван туулах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо дараагийн шат руугаа орох цаг болсон байна. Аль болох хамтарч, нэгдэж, гишүүдийнхээ тэгш оролцоог хангах нь чухал байгаа” хэмээн Зээлийн батлан даалтын сангийн Орон нутгийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох ярилаа.


Зээлийн батлан даалтын сангаас хоршоологчдод 840 тэрбум төгрөгийн зээл олгосноос 430 тэрбумд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргасан. Өвөрхангай аймагт сүүлийн дөрвөн жилийн байдлаар 312 хоршоонд 52.3 тэрбум төгрөгийн зээл олгосноос 16 тэрбумыг Зээлийн батлан даалтын сангаас гаргажээ.


ЖДҮГ-аас Зээлийн батлан даалтын санХөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооаймгийн ХХААГ-тай хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөн нь төрөөс хоршооны талаар баримталж буй бодлогыг сурталчлах, хоршоодын туршлагыг дэлгэрүүлэх, хоршоологчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ үеэр хоршоологчид үйл ажиллагааныхаа чиглэлээр үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. 



 

相关新闻