Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар “OneSky Mongolia” олон улсын байгууллага хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад тус бүр 3.5 сая төгрөгийн үнэ бүхий хэрэглэгдэхүүнийг өглөө.
Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг
дэмжих зорилгоор олгож буй тус багцад бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа болон
нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих 27 төрлийн тоглоом, 13 төрлийн
ном, 9 төрлийн бичиг хэргийн хэрэглэгдэхүүн, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт
тохируулсан, сургалтын эко модон хэрэглэгдэхүүн багтаж
байна.
Хүүхэд харах төвүүд нь Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжгүй 1-4 насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хүмүүжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Монгол Улсад одоогоор хүүхэд харах 115 төвд 1386 хүүхэд хамрагдаж байна.
“OneSky
Mongolia” олон улсын байгууллага нь бага
насны хүүхдийн чадавхыг нээн хөгжүүлэх, эрт үеийн боловсрол олгох чиглэлээр
эцэг эх, асран хамгаалагчдыг сурган
чадавхжуулж, өнгөрсөн оноос
Хүүхэд харах төвүүдтэй хамтран Монгол Улс дахь “Хүүхэд харах үйлчилгээ
эрхлэгчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих, харилцаа холбоог бэхжүүлэх”
хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.