Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний X хурал боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний Удирдах зөвлөлийн хурал болон X Бүгд хурлыг Монгол Улсдаа хоёр дахь удаа зохион байгууллаа.
Энэ удаагийн олон улсын хурлыг “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх арга туршлага, сайн жишээ, яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн менежментийн шинэ трэнд зэрэг асуудлаар хэлэлцжээ. Уг хуралд Австрали, Тайланд, Малайз, Филиппин, Папуа Шинэ Гвиней, Энэтхэг, Фижи, Шинэ Зеланд, Украин, Тайванийн төлөөлөгчид оролцож, илтгэл мэдээлэл хийхийн сацуу гурван салбар хаалттай хуралдаанаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Авлига болон хууль бус хөрөнгийн урсгалтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал. Бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох улс орнуудын хамтын ажиллагаанд Авлигатай тэмцэх газар өөрийн бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа юм. Тус газар Хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар 2025 оны даргалагч улсын статусаар олон улсын энэхүү энэхүү хурлыг эх орондоо хүлээн авчээ. Олон улсын хуралд Хөрөнгө буцаах сүлжээний гишүүн орнууд төдийгүй хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын болон бүс нутгийн, үндэсний хэмжээний байгууллагууд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Ойрх дорнод, Хойд Африкийн хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээ зэрэг төлөөлөл оролцов.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт ярихдаа, “Энэ хуралдааныг манай улс 2019 онд анх эх орондоо зохион байгуулсан юм. Өмнө нь уг хурлыг зохион байгуулж байхад манай улс гадаадаас хөрөнгө буцаасан тохиолдол байхгүй. Тийм туршлага ч ховор байлаа. Харин үүнээс хойш зургаан жилийн хугацаанд Монгол Улс 13.9 сая ам.долларын хөрөнгө буцаажээ. Энэ туршлагыг хурлаар ярьж, ололт амжилтыг харилцан туршлагаа солилцож байна. Сүүлийн үед авлигын гэмт хэрэг үйлдсэний улмаас тухайн мөнгө нь орон байр, обьект, ямар нэгэн эд зүйл болохоос илүүтэй виртуал хөрөнгө болох нь түгээмэл байна. Улмаар дэлхий нийтийн сүлжээгээр олон улсад гаргаж алдах эрсдэлтэй учраас цаг хугацаа их шаарддаг. Тиймээс крипто валютыг хайхын тулд бүс нутгууд хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан. Тэр талаар хэрхэн хамтран туршлагаа энэ хурлаар ярилцаж байгаа юм. Монгол Улсаас хамгийн сүүлд хөрөнгө буцаасан тохиолдол нь Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн төсөлд хэрэг бүртгэл нээж шалгаад 1.7 сая ам.долларыг БНСУ-аас буцаан авчирсан байдаг. Манай АТГ бол 30 гаруй олон улсын авлигын эсрэг чиг үүрэг бүхий сүлжээнд багтдаг” гэв.
Тайванийн ХЗДХЯ-ны прокурор Тонг Фэн Чоу, “Энэ хурлыг маш өндөр түвшинд зохион байгуулж байна. Би Монгол Улсад анх удаа ирлээ. Бүх зүйлд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Виртуал хөрөнгийг буцаах нь олон улсын шинээр гарч ирсэн сэдэв юм. Олон талын төлөөлөл уг хуралд оролцож туршлагаа солилцож буйгаараа онцлогтой. Монголын Авлигатай тэмцэх газар виртуал хөрөнгийг буцаах чиглэлээр нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа гэж хувьдаа бодож байна. Маш их хичээл зүтгэл гаргасныг хурлын зохион байгуулалтаас харж болно” хэмээн ярилаа.
Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ буюу APИН АП нь зөвхөн хууль сахиулах байгууллагуудын ажил хэргийн сүлжээ төдийгүй шударга ёс, ил тод байдлын төлөөх хамтын хүчин чармайлтын илэрхийлэл аж. Сүлжээний хүрээнд бүс нутгийн улс орнууд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах, буцаан авах талаар харилцан мэдээлэл солилцож, туршлагаасаа суралцаж, цаашдын хамтын ажиллагааны шинэ гарцыг эрэлхийлж ажилладаг бөгөөд 2013 онд БНСУ-ын Сөүл хотноо анхдугаар хуралдаанаа зохион байгуулснаар албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлжээ.