Дэнжийн мянгад хийн дулааны станц барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороо, Дэнжийн мянга орчимд “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны хойд талд хоёр га газрыг чөлөөлж, 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болжээ.
Уг станц нь Дэнжийн мянга дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, оргил ачааллын дулааны эх үүсвэр болох юм байна. Төслийн олон улсын нээлттэй тендерийг энэ онд багтаан зарлах бөгөөд барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” компани боловсруулж байгаа ажээ. Энэхүү төсөл нь 100 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэнийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах нөхцөлтэйг албаныхан хэллээ.
Уг хийн дулааны станц нь хий цэнэглэх, дулаан үйлдвэрлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Хий цэнэглэх хэсэг нь хоёр үндсэн орц гарц, нэг туслах гарцтай. Харин дулаан үйлдвэрлэх хэсэг нь хоёр орц, гарцтай. Хийн дулааны станцын барилга, цахилгааны агаарын дэд өртөө, цахилгааны хаалттай хуварилах байгууламж, галын усан сан, галын насосны барилга, хий цэнэглэх цэг, шингэрүүлсэн хийн парк, хийн насос, гүний худгийн байр, харуулын байр барихаар төлөвлөжээ. Монгол Улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах хийн дулааны станцуудыг үе шаттайгаар байгуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх аж.
Хийн дулааны станцыг
барьснаар агаар, орчны бохирдлыг бууруулах, найдвартай дулаан хангамжийн
эх үүсвэр, эрчим хүчний ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх, ажлын байр, дэд бүтцийн хөгжилд хувь
нэмрээ оруулах, дулаан хэмнэх
шийдэлтэй, шаталтаас үүсэх
хатуу хаягдал байхгүй, ажиллах
хүчний зардал бага гэх мэт ач
холбогдолтой юм байна.