Домогт хүлгүүдэд зориулсан хөшөө дурсгалууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarantsetseg@montsame.mn
2025-07-22 15:41:53

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/ Монгол оронд буй хөшөө дурсгалуудын дийлэнхийг моринд зориулсан хөшөө эзэлдэг. Монголчуудын хүлэг сайн морьддоо зориулсан хөшөөнүүд нь түүхэн утга учрыг өөртөө агуулдаг ажээ.


Морьт хөшөө болон домогт хүлгүүдэд зориулсан хөшөөнөөс тоймлон хүргэж байна. 


Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Их Эзэн Чингис хааны морьт хөшөө бий. Тус хөшөө нь одоогоор дэлхийн хамгийн өндөр морьт хөшөөнд тооцогддог ба хөшөөт цогцолбор нийт 212 га талбайг хамардаг.

Хөшөөний өндөр нь ойролцоогоор 40 метр бөгөөд 36 ширхэг багана бүхий 10 метр орчим өндөр тавцан суурь маягийн барилгатай.

Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрладаг.

Төв аймгийн Цонжин болдог гэх энэ газар нь домогт өгүүлснээр Чингис хаан алтан ташуур олсон газар хэмээдэг ажээ. Энэхүү хөшөөнд түүнийг мориндоо мордон, ташуураа ташаандаа тулан, алсыг ширтэн буй байдлаар дүрсэлсэн байдаг.

2008 оны есдүгээр сарын 26-нд хөшөөг анх нээсэн. Нийт 250 тонн чанаржуулсан гангаар бүтээжээ. Барилгын нийт өртөг 4.1 сая ам.доллар болсон байна. Доод тавцан барилга дотор хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүр болон  музейтэй.

Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижиг кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхох боломжтой. Морины дэл буй хэсгээс ойр хавийн байгалийн үзэмжийг тольдоход таатай байдаг. 



Арвагар хээрт зориулсан хөшөө

Домогт хурдан хүлэг Арвагар хээрийн хөшөөг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёр газар босгосон байдаг. Уран барималч П.Зулзага дэл, сүүлийг нь боосон хурдан хүлгийн хөшөөг зэс хөөмлийн аргаар 1987 онд бүтээжээ.

1709 онд Ламын гэгээний хоёрдугаар дүрийг тодруулахтай давхцан Агь үйзэн гүний хошууг байгуулсан давхар баяр цэнгэлийн үед цуутай хурдан Арвайхээр хэмээх морь тодрон гарчээ. Агь үйзэн вангийн баян Балбарын бэр болсон харц ард Гомбын охин Цэцэнбэр “Хурдан морь болно” хэмээн шинжин байж, арвагар жаахан хар даагыг хоёр гүүгээр арилжин авсан гэдэг.

Аймаг, хошууны болон Даншигийн их, бага наадмуудад 20 орчим удаа түрүүлсэн, Төв халхын хамгийн алдартай энэ хурдан хүлэг “Алтан жолоо Арвагар хээр” хэмээх алдар цолыг хүртсэн бөгөөд өтөлж хөгширтлөө наадам өнгөлөн торгон жолоо өргүүлсээр уралдааны замд эцсийн амьсгалаа хураасан түүхтэй.

Түүний нас эцэслэсэн “Шар тал” хэмээх газрыг тэр цагаас хойш “Арвагар хээрийн тал” хэмээн нэрийдэж, улмаар “Арвайн тал” болон өдгөө нэрлэдэг.

Бүтэн гурван зууны туршид түүх, домгийн өлгий байсаар ирсэн Арвагар хээрийн талд 1727 онд Сайн Ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошууны гол хүрээ хийдийг байгуулан газрын нэрээр “Арвайхээрийн хүрээ” хэмээн нэрийдсэн нь өнөөгийн Арвайхээр хотын эх суурь билээ.


Баатар Тэгшээгийн хүрэн халзан морины хөшөө

Монгол Улсын баатар хилчин Баянбалын Тэгшээгийн хүрэн халзан морины хөшөөг унаган нутаг Говь-Алтай аймгийн Бугат суманд босгожээ.

Түүх сөхөхөд, Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдар нь соёлон насны хүрэн халзан морио баруун хязгаарын хилчдийн албаны хэрэгцээнд зориулан цэргийн агтанд бэлэглэжээ. 

БНМАУ-ын баатар Ж.Нэхийт хүрэн халзан морио өөр ангид шилжихдээ зан аашийг нь сайн мэддэг Б.Тэгшээд хүлээлгэн өгсөн гэдэг. Ингээд Б.Тэгшээгийн хүрэн халзан морь нь баруун хилийн тулгаралтад эзний хамт олон удаа оролцож байжээ.

1948 оны долдугаар сард Байтаг богдын тулалдааны үеэр ар талд мэдээ хүргэхээр байлдагч Ч.Пэлжээ энэхүү морийг унан бартаа саад ихтэй “Уушгын” уулсын дундуур 30 км газар зогсолтгүй давхисаар суманд мэдээ хүргэснээр дайсан этгээдийг дахин цөмрүүлэлгүй устгасан түүхтэй. Б.Тэгшээгийн хүрэн халзан морь хэмээн алдаршсан энэхүү адуу Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдарын унаган адуу гэдгийг тогтоож батламжилжээ. 


Нийгмийн хонгорт зориулсан хөшөө

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно голын отрядыг 1950-иад онд татан буулгаж цэргийн агт морьдыг худалдах үед Дарханхаан сумын малчин Д.Жамьян бор саарал гүү, эр бор унаганы хамт 60 төгрөгөөр худалдан авчээ. Бор унагаараа азарга тавьж бага наснаас нь сумын наадамд сойдог байжээ. Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, малчин М.Өлзий-Орших бөгтөр хүрэн гүүгээ “Сүхбаатарын зам” нэгдэлд нийгэмчилж өнөөх бор азарганд хураалгаж, 1960 оны хавар эр хонгор унага гарчээ.

1961 онд нэгдлийн адуучин Э.Дорж хонгор даагыг уяж сумын наадамд сойжээ. Наадмын өмнөх их сунгааны өдөр цаг агаараас шалтгаалан хязаалан, шүдлэн, даагыг хамт уралдуулсанд нөгөө хонгор даага хол тасархай түрүүлэн ирж олныг гайхашруулжээ. “Даага гүйцэхгүй хязааланг уралдуулж яах билээ” гээд зарим уяач морьдоо хөтлөн буцсан ч гэдэг. Ийнхүү Ардын хувьсгалын 40 жилийн ойн сумын наадамд хол түрүүлж, дараа жил аймгийн баяр наадамд мөн л түрүүлжээ.

Нэгдлийн сүргээс сойсон хүлэг, уясан эзний хамтаар нэр алдар нь түгж “Нийгмийн хонгор” хэмжээн алдаршжээ. 

Нийгмийн хонгорын аймаг, сумын наадамд 20 гаруй удаа түрүүлсэн амжилтыг өнөө цагт эвдсэн хурдан ажнай гараагүй ажээ. Нийгмийн хонгорыг унаж уралддаг Д.Даваа хэмээх охинтой хар цагаан гэрэл зураг тухайн үеийн Сүхбаатар аймгийн айл бүрийн хойморт залагдаж байжээ. Нийгмийн хонгор гараанаас цойлж гардаггүй, уралдааны үед хавьд давхиж байгаад нэг мэдэхэд түрүүлээд гараад ирдэг байсан хэмээн хуучилдаг. 1969 онд их насны морьдын хурдыг тогтооход “Нийгмийн хонгор” 28.5 км газрыг 34 минут 30 секундэд давхиж түрүүлжээ. 



“Хүрэн халзан” морины хөшөө


Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвд АДБ-ийн "Мөнгөн хараа" чуулгын байрны өмнө байдаг энэ хөшөөг Монгол Улсын манлай уяач Д.Ганбаатарын улсын “Дархан түмэн эх”, “Төрийн их хүлэг” зээрд халзан морины дурсгалд зориулан босгожээ.

Энэхүү хөшөөг 0.9 тн орчим цэвэр хүрлээр суурь хийж, тоосго, бетон материал цутгажээ.  



Хурдан морьдынхоо хөшөөг наадмын талбайдаа мөнхөлжээ

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын баяр наадмын талбайн хажууд нэгэн цагт хурд шандсаа гайхуулж наадамчин олныг баясгаж байсан морьдын хөшөө цогцолбор байдаг.

Тухайлбал, нэгэн цагт нутгийн цуут хурдан хүлгүүд хэмээн олонд гайхагдаж байсан Галсанбандийн хүүхэн цагаан азарга, хөх Цэрэнгийн хээр морь, Т.Нямбуугийн Нэгдэл зээрд морины хөшөөг энэ онд шинээр босгож наадмын талбайдаа мөнхөлжээ

Дээрх бүтээн байгуулалтыг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан баяр наадмын талбайг "Монгол наадам цогцолбор" болгон тохижуулах ажлын хүрээнд уран барималч, зураач, МУСТА Г.Мөнхзаяа, Б.Түвшинтөр нар гүйцэтгэсэн байна.


Дэлгэрэх сум эрт дээр үеэс хурдан адуугаараа алдартай байсан бөгөөд 2009 онд улсын наадамд түрүүлсэн “Дэлгэр” хээр морь тус сумын уяач Д.Готовын унаган адуу юм.  


Амгалан төрийн ажнай шаргын хөшөө

Монгол төрийн наадамд олон удаа түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн, алдарт хурдан хүлэг  Шарга азаргыг мөнхжүүлж, “Мон уран “компанийн захирал Б.Наранхүүгийн санаачилгаар “Ажнай шарга азарга”-ны хөшөөг Дундговь аймгийн төвд 2011 онд  аймгийнхаа 70 жилийн ойн баяр наадмаар босгожээ.


Мандалговь хотод сүндэрлэн боссон энэ хөшөө нь наран ургах зүгт янцгаан давхиж яваа шарга азаргыг дүрсэлсэн байдаг.


Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр 2010 онд эгэлгүй хурдан энэ хүлэгт “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгожээ.


Буган халиунд зориулсан хөшөө

Монгол даяар алдар нь түгсэн хурдан хүлгүүдийн нэг бол Эрдэнэвангийн Буган халиун юм. Буган халиун хязаалан нас хүртлээ нутагтаа уралдсан бөгөөд хязаалан насанд нь Богд эзэн хаанд өргөн барьснаас хойш түүний нэр дээр уралдаж эхэлжээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум алдарт Буган халиун хурдан хүлгийн туурайн тоос боссон нутаг юм. Тодруулбал, Алдарт хурдан хүлэг Буган халиун Их шавийн ноён Номун ханы отгийн баян Гончиг даамлын хүү Буян заан хэмээх хүний адуун сүрэгт төржээ. Энэ нутаг нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум юм.

 

Буган халиун бүрэн бус мэдээгээр даншиг наадамд 10 гаруй удаа, бусад наадамд хорь гаруй удаа түрүүлсэн гэдэг.

 

Буган халиун хүлэг нь хурдан морины бүх шинжийг өөртөө багтаасан зорсон шагай шиг хүлэг байсан тухай аман домог олон дамжин ирсэн байдаг.

 

Тэрээр нас ахисан үедээ төрөлх нутагтаа тэмцэн хахир хавраар гүйж яваад одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт хүрч, сульдаж ядрахын үедээ баян Гомбожав хэмээх айлын уяан дээр ирж зогсоод, босоогоороо амьсгал хураажээ. 

Түүнийг таньсан нутгийн олон ихэд харамсан түүний толгойг хүндэтгэн залж төрөлх нутаг Товхонхан уулын их овоон дээр хүргэж тавьсан гэсэн домог яриа байдаг.

Буган халиун ажнайн хөшөөг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвд босгосон бөгөөд аймгийн Морин спорт уяачдын холбоог “Буган халиун” уяачдын холбоо хэмээн нэрлэж, түүнийг алдаршуулсан байна. 


相关新闻