ХОВД: Бөхчүүд сүүлийн 10 гаруй жил Буянт голын хөвөөнд бэлтгэл хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадамд зодоглох бөхчүүд “Тунгалаг буянт” гал дээр жил бүр бэлтгэл хийдэг. Энэ жилийн хувьд тус гал дээр зургаан гэртэй 40 орчим бөх байрлан бэлтгэл хийж байна.
Ховдод ажиллаж, амьдарч буй бөхчүүд баяр наадмын өмнөх бэлтгэл сургуулилалтаа Буянт голын хөвөөнд хийдэг уламжлалтай. Энэ уламжлал сүүлийн 10 гаруй жил үргэлжилж буй.
Өчигдөр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын өмнөх Сорилго барилдаан боллоо.
Тус барилдаанд Мянгад сумын харьяат, аймгийн заан Л.Сайханбилэг, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай тэргүүтэй 64 бөх оролцов.
Барилдаанд Дөргөн сумын харьяат, аймгийн начин Л.Ням-Очир түрүүлсэн бол Зэрэг сумын харьяат, аймгийн начин Ш.Баяржаргал үзүүрлэлээ. Мөн Зэрэг сумын харьяат, сумын заан Э.Балжинням, Дарви сумын харьяат, сумын заан Б.Пүрэвсайхан нар их шөвөгт шалгарлаа.
Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 8-нд эхэлж, тусгай хөтөлбөрийн дагуу долоодугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Баяр наадмын бэлтгэл ажлыг мэргэжлийн байгууллагууд үе шаттай зохион байгуулж байна.