БАЯНХОНГОР: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-22 13:54:33

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 8 тохиолдол нэмж батлагдлаа.

Энэ сарын 5-ны өдөр Баянхонгор аймагт улаанбурхан өвчний анхны тохиолдол батлагдсанаас хойш 16 хоногийн хугацаанд 6 тохиолдол бүртгэгдсэнээс 5 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Тухайн өвчний сэжигтэй нэг тохиолдол тандалтад байгаа бол ойрын хавьтал 250 хүн ажиглалтад байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд байгаа бөгөөд хүүхдийн байгууллагад шинж тэмдгийн, ирцийн тандалтыг идэвхжүүлжээ. Мөн эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурхны эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурхны нөхөн дархлаажуулалтад хамруулахыг аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.


Хэрэв халуурах, тууралт гарах, нүд улайх зовуурь илрэх, эсвэл улаанбурхны батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг мөн анхааруулав.

相关新闻