БАЯНХОНГОР: Урт өвөлд угтаж бэлдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-28 14:53:21

Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар хур бороо элбэг, газрын гарц, бэлчээрийн ургамал тэгш ургаж, зуншлага сайхан болж байна.


Энэхүү сайхан цагийг ашиглаж өвлийг өнтэй, хаврыг хохирол багатай даван туулах өвс тэжээлийг хангалттай бэлдэхийг сануулж, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан “Урт өвөлд угтаж бэлдье” уриалгыг сумдын удирдлагуудад хүргүүлэв.


Тодруулбал, Өвөл, хаврын бэлтгэлд төр засаг, түмэн олноороо хамтарч, цаг алдалгүй бэлтгэл ажлаа хангахыг сум орон нутгийн удирдлагуудад чиглэл болгон албан бичгийг хүргүүлсэн байна.


Мөн улсын хэмжээнд төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан ургамал, ногооны шимтэй дээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажил, орон нутгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд хамтран ажиллахыг аймгийн нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.


Түүнээс гадна малын хашаа, хороогоо засварлах, тохижуулах, дулаалах, мал сүргээ эрүүлжүүлэх, мал сүрэгтээ намрын тарга хүч авахуулах, тарга хүчийг тогтоох, хадлан тэжээл бэлтгэх уламжлалт аргуудыг ашиглан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг малчдад сануулав.

相关新闻