БАЯНХОНГОР: Монгол Улсын улаан номд багтсан 14 зүйл шувуу Бөөнцагаанд нутагладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-09 14:10:00

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөөнцагаан нуур орчимд 15 баг, 37 овог, 100 төрлийн 163 зүйл шувуу байгааг судлаачид бүртгэжээ.

Амьдрах хэлбэрийн хувьд суурин амьдралтай 22, нүүдлийн /өндөглөн зусдаг/ 68, нүүдлийн /өндөглөдөг эсэх нь тодорхойгүй/ 6, зун байдаг боловч өндөглөдөггүй 16, тохиолдлын байдлаар хааяа орж ирдэг 13 зүйл шувуу байгаа юм. Тус нуурт нутаглаж байгаа шувуудын төрөл зүйл сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байгааг мэргэжилтнүүд хэлж байна .

Бөөнцагаан нуур, түүний орчмоор бүртгэгдсэн шувуудын дунд тоо толгойн байдлаар эрс цөөрсөн, ховор, Монгол Улсын улаан ном, Азийн улаан номд ба CITES, CMS-ын хавсралтуудад орсон, агнахыг хориглосон шувуу нэлээд бий. Үүнээс Монгол Улсын улаан номд багтсан 14 зүйл шувуу байгаа юм.

Олон улсын улаан номд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөг бүргэд, реликт цахлай, жороо тоодгой, азийн цууцил энд тогтмол үзэгдэнэ. Энэ нутаг Евразийн хээр ба цөлийн биомын шувуудыг тэтгэдэг бөгөөд Монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг энд харж болно. 


Баянхонгор аймгийн Баацагаан сумын газар нутагт урсах Бөөнцагаан нуур Монгол оронд урсдаг хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог. Нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. 

相关新闻