БАЯНХОНГОР: Ачаа тавихад хумигдаж хаагддаг оньсон товчлууртай хос бадамлянхуа цэцэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Э.Самбуу дархны урласан хос бадамлянхуа цэцэг хэмээх гуулиар цутгаж алтаар шармалдсан, нэг кг ачаа тавихад хумигдаж хаагддаг оньсон товчлууртай хосгүй бүтээл аймгийн музейд хадгалагдаж байна.
Тус бүтээл нь 9.7 см өргөн, 28 см өндөртэй, 3155 гр жинтэй, найман дэлбээтэй, түүн дээрээ найман тахилтай, гурав салдаг загвартай. Цэцэг, навч, үүл, хамар, угалз, мушгиа зэрэг хээ чимэгтэй төдийгүй ишин дээр нь цэцгэн хээ, үүлэн хээ, эвэр угалзыг ирмэглэн товойлгож цутгаснаараа онцлог. Мөн дэлбээ нь цэцгэн голтой бөгөөд суурийг бадамлянхуа цэцгээр хүрээлжээ.
Хос бадамлянхуа цэцгийг Ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпэрэнлэйтогмидын захиалгаар бүтээсэн түүхтэй. Ламын гэгээнд алтан аяга, шүрэн өвгөн байсан бөгөөд түүнийгээ хадгалах сав хийж өг гэсний дагуу хос цэцгийг бүтээжээ.
Хос бадамлянхуа цэцгийг дөрвөн хос буюу найман ширхгийг хийж байсан гэсэн мэдээлэл байдаг ба үүнээс Баянхонгор аймгийн музейн сан хөмрөгт нэг хос, нэг дэлбээ нь, мөн нэг цэцгийн гол хэсэг нь Хүрээмарал сумын Орон нутаг судлах танхимд хадгалагдаж байна. Баянхонгор аймгийн музейн сан хөмрөгт байгаа бадамлянхуа цэцгийг музейн захирлаар ажиллаж байсан Л.Юндэнбат Эрдэнэцогт сумын иргэн н.Нэргүйгээс 1961 онд 400 төгрөгөөр худалдан авч, сан хөмрөгөө баяжуулж байжээ.
Хүрээмарал сумын орон нутаг судлах танхимд хадгалагдаж байгаа дурсгал нь 1975 оноос тус танхимд хадгалагдаж байгаа ба /75.11/ 760 гр жинтэй, 10.5 см өндөр, 10 см өргөн, 3 см зузаантай юм. Харин хаанаас ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тодорхойгүй байдаг.
Ташрамд, монголчууд бадамлянхуа цэцгийг мандан бадрахын бэлгэдэл болгон эрт дээр үеэс дээдэлж иржээ. Дэлхийд ховор тооцогддог энэхүү цэцэг тогтуун цэнгэг устай нуур, голын тохой татуургад ургадаг бөгөөд өглөө дэлгэрч, шөнө дэлбээгээ хумина. Бүрхэг өдөр дэлбээгээ нээдэггүй байна. Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг ажээ.