БАЯНХОНГОР: Ёслолын үйл ажиллагаа, хүлээн авалтад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-18 15:52:22
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй нийтээр тэмдэглэх баярын өдөр, ёслолын үйл ажиллагаа, хүлээн авалтад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглов.

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний улмаас хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Баяр ёслолын үйл ажиллагаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох болон бусад арга хэмжээний тухай" захирамжийг гаргасан байна.

Захирамжаар, Согтууруулах ундааны хууль бус борлуулалт, архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоож, арилгах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга болон Цагдаагийн газрын даргад даалгалаа.

Мөн хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад үе шаттай сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид сургуулийн захирал нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд энэ талаар тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон Боловсролын газрын даргад үүрэгдэв.

Согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр сум, байгууллагын хэмжээнд бодлогын арга хэмжээ авч, энэ чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн олон төрлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сум, байгууллагуудын дарга, эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо.

Мөн захирамжид иргэн, аж ахуйн нэгж нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэмдэглэлт баяр, ёслолоор согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалсан байна.
相关新闻