БАЯНХОНГОР: Зээлийн эргэн төлөлтийн талаар нэгдсэн ойлголт өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Төрийн байгууллагаас иргэдэд олгосон зээл, санхүүжилтийн эргэн төлөлтийг шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломж” сэдэвт сургалтыг Баянхонгор суманд зохион байгууллаа.
Сургалтад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, төсөл, хөтөлбөр болон төлбөрийн эргэн төлөлт хариуцан ажилладаг төрийн байгууллагуудын албан хаагчид хамрагдсан бөгөөд сум, байгууллагаас танхимаар 9, цахимаар 21, нийт 30 албан хаагч оролцсон байна. Төрийн аудитын газар, Монголын нотариатын танхимын Баянхонгор аймаг дахь салбар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулжээ.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци, сумдын хоршоо, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон ХААИС-ийн салбар сургуулийн төлөөллөөс зээлийн зарим төлөлтийг нотариатын мэдэгдэх хуудсыг ашиглаад төлүүлэх боломжийн талаар танилцуулж, эргэн төлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгсөн байна.
Оролцогчид зээл, санхүүжилтийн эргэн төлөлттэй холбоотой эрх зүйн зохицуулалт, нотариатын мэдэгдэх хуудасны ач холбогдлын талаар мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлснээс гадна зээлийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар харилцан санал солилцон, туршлагаа хуваалцсан байна.
Ulaanbaatar