Түмэнцогт сум орон нутаг судлах музейтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Соёлын төв дэргэдээ Орон нутаг судлах музейтэй боллоо. Хуучин барилгыг сэргээн, өргөтгөл хийж музей болгон ашиглажээ.
Сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүтээн байгуулсан. Үзмэр дэглэх төсөлд 25 сая төгрөг, нийтдээ 135 сая төгрөг зарцуулсан гэх мэдээллийг Түмэнцогт сумын соёлын төвийн эрхлэгч Х.Эрдэнэдэлгэр өглөө.
1978 онд Түмэнцогт сумыг Оросын мэргэжилтнүүд байгуулан хүлээлгэж өгөхдөө бэлэглэж байсан 3,2 кг жинтэй зэс түлхүүр, Хүннүгийн үеийн ховор олдворуудыг музейд байрлуулжээ. Мөн өнгөрсөн онд Түмэнцогт суманд зохион байгуулагдсан Түмэн адууны баярын үеэр сумын малчдын ашиглаж байгаа адууны бүх тамганы дүрсийг эсгийн дээр буулгасан бүтээл, Улсын тэргүүний сумын Хүндэт өргөмжлөл, туг болоод бусад дурсгалын зүйлүүдийн эх хувь, сумын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө гээд сумынхаа гурван үеийн түүхийг харуулсан сонин содон үзмэрүүдийг музейдээ байрлуулжээ.
Цаашид сум орон нутгийнхаа түүх соёл, ёс уламжлалыг харуулах, хадгалж авч үлдэх чиглэлээр үзмэрийнхээ тоог нэмэгдүүлэхийн төлөө зорин ажиллана гэдгээ илэрхийлж байна. Тус музей нь байгалийн, түүхийн гэсэн хоёр үзмэрийн танхимтай. ЗДТГ-т хадгалагдаж байсан сумын түүхийг харуулсан баримт бичиг, гэрэл зураг, иргэдийн гар дээр хадгалагдаж байсан ховор, үнэт бүтээлүүд гээд одоогоор 100 гаруй нэр төрлийн үзмэртэй болсон байна.
Музей нь камер, дохиолол, үзмэрийн хорго гээд музейн стандартыг хангах тал дээр маш их анхаарчээ.
Т. Одончимэг