Он гарсаар эх, нярайн эндэгдэлгүй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-17 16:46:44

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Оюунаа тус аймагт он гарсаар 1578 эх амаржиж, эх, нярайн эндэгдэлгүй ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө. Гэсэн ч тус аймагт 0-1 болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөхөөс өссөн дүнтэй байна. Үүний гол шалтгаан нь осол гэмтэлтэй холбоотой гэнэ.

Шинэ Засгийн газраас улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа гол ажил бол эх, нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар 7 хоног бүр 1-2 удаа цахим хурал хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Мөн НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтарч Зүүн бүсийн хэмжээний эх барих, эмэгтэйчүүдийн сургалтыг зохион байгуулсан байна.

Сумын Эрүүл мэндийн төв дээр эх нярайн хяналт хийх ажлыг одоогоор 4-5 суманд хийж эхэлжээ.

Б.Туяа

 

 

相关新闻