Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтын дүнг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭТөрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар энэ сарын 10-11-ний өдөр болсон удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ.
Ингэхэд тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар, Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар, Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар, Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар, Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар, О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар, Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргаар томилуулахаар, Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нарыг томилуулахаар тус тус нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар, М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал хүргүүлэхээр тогтсон аж.
Б.Туул