ХОВД: Малчдын 26.7 хувь нь 18-35 насны залуус

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-06 18:07:09

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт өнөөдөр Залуу малчдын зөвлөгөөн боллоо.

Тус аймаг 8413 малчин өрхтэй.

Өдгөө мал аж ахуйн салбарт 13300 малчин ажиллаж байна.
Үүний 26.7 хувь нь залуу малчид буюу 18-35 насныхан юм.


Энэ удаагийн зөвлөгөөнд залуу малчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөнөөр "Залуу малчин, тариаланч өрх" аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, нийгмийн даатгалын ач холбогдол, мал эмнэлгийн зарим үйлчилгээний талаар танилцуулж, Монгол Улсын аварга малчдын ажлын туршлага, амжилт ололтоос хуваалцав.

Зөвлөгөөнд оролцогчид мал аж ахуйн үйлдвэрлэлд анхаарах, байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, малын тоо толгойг тодорхой түвшинд барих, малын үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг шинж чанарыг нэмэгдүүлэх, тооноос илүү чанарт анхаарч, бэлчээрийн даацыг багасгах чиглэлээр санал хэлж, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг эрэлхийллээ.

Ховд аймаг малчдыг дэмжих чиглэлээр олон талт ажил хэрэгжүүлж байна.

Тодруулбал, "Хөгжил" политехник коллежид нэг жилийн сургалттай Малчны ангийг нээсэн бөгөөд одоогоор Дарви, Мөст сумаас 30 гаруй хүн хамрагдаж, малчин болжээ.

Мөн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр 183 хоршоо, нөхөрлөл бий болж, үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд малчдад зориулсан сургалт, зөвлөгөөн, уулзалтыг үе шаттай зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 11 мянган иргэнд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэжээ.

Өнөөдрийн зөвлөгөөний төгсгөлд "Залуу малчин, тариаланч өрх" дэд хөтөлбөрийн хүрээнд 131 залуу малчныг малжуулах үйл ажиллагаанд хамруулахаар болсныг дуулгаж, тус бүрд 3.2 сая төгрөгийн батламж олгов. 

相关新闻