БУЛГАН: Өрх бүр гурваас илүү мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Булган аймгийн төв Булган сумын аж ахуйн нэгж, айл өрхүүд хаврын мод тарилтын ажлаа эхлээд 2 хонож байна. Өрх бүр гурваас илүү мод тарина.
“Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хүрээнд жил бүр хавар, намар 2 удаагийн мод тарилтын ажлыг зохион
байгуулж, Булган суманд үйл ажиллагаа явуулдаг төр төсвийн 77 аж ахуйн нэгж,
байгууллага, 1500 гаруй иргэн хамрагдаж мод бут тарьдаг уламжлалтай.
Өнгөрсөн онд Булган
сумын хэмжээнд нийт 15285 ширхэг хайлаас, бургас зэрэг мод бут тарьснаас 81 хувь буюу 12380 ширхэг мод бут хэвийн ургаж байна.
Энэ жилийн хувьд
хаврын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 5 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд
зохион байгуулж, одоогийн байдлаар 18 аж ахуйн нэгж, байгууллагын 419 албан хаагч хуваарьт газраа 2605 ширхэг мод тариад байна. Мод тарилтын ажил
энэ 7 хоногт үргэлжилнэ.