ХӨВСГӨЛ: Далийн баярыг 4000 гаруй иргэн зорин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Далийн баяр-2024” 13 дахь жилдээ боллоо.
Далийн баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгон өргөжүүлж байна.
Энэ жил 4300 гаруй иргэн тус баярыг зорин ирсэн гэдгийг Засаг дарга Б.Эрдэнэнаран хэлэв.
Далийн баярын үеэр “Эрдэнэбулганд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, олс таталт, буухиа, хөгжөөнт тэмцээн, элсний волейбол, хүүхдийн дугуйн уралдаан зэрэг олон тэмцээн боллоо.
Мөн үдшийн цэнгүүн болж МУГЖ Б.Сарантуяа, "Никитон" хамтлагийн ахлагч, МУУГЗ Б.Батчулуун, МУСТА Б.Гүрбадам, Р.Болортуяа, "Voise Mongolia" шоуны ялагч Х.Ядам, Ц.Энгүүн нар ая дуугаа өргөлөө.
Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм.
Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай.
Далийн ягаан цэцэгсийн амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг.
Өөрөөр хэлбэл, багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.