Цэвэр орчин, цэнгэг устай сайхан орчин бүрдүүлэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын төвд урсдаг Туул, Сэлбэ голын цэвэр сайхан байлгах, байгаль хамгаалах зорилготой “Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ.
Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага хамтран зохион байгуулж байна.
Аяны нээлтэд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Бид агаар, ус, хөрс нь цэвэр байгаль дэлхийд амьдрах учиртай. Гэтэл манай нийслэлд энэ нь тулгамдаж буй томоохон асуудлын нэгд орсоор байна. Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ мөчид Улаанбаатар хотынхоо ундны эх үүсвэр болсон Туул голоо хогноос нь салгах үйлсэд оролцож байгаа төр болон хувийн хэвшлийн удирдлага, албан хаагч, ажилчиддаа талархал илэрхийлье. Энэ нэг сарын аяныг нэг удаа зохион байгуулаад зогсохгүй улам эрчимжүүлж цаашид уламжлал болгон хийнэ. Нийслэлийнхээ иргэдэд бид өөрсдөө хогоо хаяхгүй, бусдаар хогоо цэвэрлүүлэхгүй байх сайхан орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалж байна” гэв.
Цэвэрлэгээ хийх нийт 50 км газрыг дөрвөн хэсэгт хувааж, оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин, албан хаагчдыг хуваарилан ажиллуулахаар болжээ. Үүнд Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км, Сэлбэ гол /100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл/ 13км, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл /Туул голын хойд эргийн дагуу/ 11км, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл /Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс/ 7 км газрууд багтжээ.
Ж.Болор